Овид

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Овидыг Нюрэмбэргийн цаглабарт ингэж дүрсэлжээ.

Публий Овидий Назон (Латин: Publius Ovidius Naso, НТӨ43 оны 3 сарын 20 – НТ17) бол Октавиан Август хааны төр барьж байх үе буюу Ромын уран зохиолын "Алтан үе"-ийн төгсгөлөөр гарч ирсэн яруу найрагч юм.

Тэрбээр Гутранги шүлгүүд номдоо өөрийн намтрыг товч өгүүлсэн байдаг. Овид Сульмон хотноо хуучны удам судартай Морьтон овгийн хүний гэр бүлд төржээ. Эцэг нь түүнийг өмгөөлөгчийн ажил болон төрийн албанд бэлтгэн, уран илтгэхүйн арга ухааныг судлуулахаар Ром руу явуулж байж. Гэвч цаг үе солигдож, ийм сургалт үр ашиггүй болсон байв. Тэр үед "уран илтгэхүйн сургуульд" гол төлөв уран гоё унших аргад суралцаж байсан аж. Мөн энэ үед аж төрж байсан Сенекийн хэлж байснаар бол Овидий аливаа юмыг хууль зүйн талаас батлах нотлох, зохист зөв дарааллыг олохдоо дульхан, харин энгийн хүүрнэл яриаг ч шүлэглэн урсгахдаа гойд авъяастай байжээ.

Овид сургуулиа төгсөөд уламжлал дагуу Грек, Бага Азийн нутгаар аялан явсны дараа сая албан ажлаа хийхээр Ромд буцан ирсэн аж. Гэвч тэрбээр ажил албанаасаа удалгүй гарсан байна. Овид хуул зүйн болон төрийн албыг сонирхолгүй, харин дээдсийн хүрээнийхний зугаа наадам болон уран зохиолд татагдан, тэр цагийн зохиолчид, түүний дотор Меценатын дугуйлангийнхантай холбоо тогтоосон байна. Ийнхүү Овид уран зохиолд авъяас чадвараа зориулахаар шийдсэн аж. Түүний бичсэн зарим шүлэг зохиол нь Август хааны улс төрийн бодлого, сэтгэл санаанд нийцээгүйн улмаас Овидыг НТ 8 оны эцсээр алс хол Хар далайн эрэгт орших Томы хот руу хөөн явуулсан бөгөөд тэрбээр энэ хотод НТ 17 онд нас барсан ажээ.

Овидын уран бүтээлийг гурван үе болгон хувааж үздэг:

  1. Эхний үе буюу НТ-ын эхэн он гартал хайр дурлалын шүлэг зохиол;
  2. Хоёр дахь үед нь домог үлгэрийн сэдэвтэй яруу найргийн зохиол;
  3. Гурав дахь үед нь нутаг заагдан хөөгдсөн үеийнхээ бодол эргэцүүллийг дүрслэн бичсэн байна.

Овид бүр залуугаасаа шүлэг бичиж байсан бөгөөд хайр дурлалын тухай анхны шүлгүүдээрээ таван ном гаргаснаа хожим нь Хайрын шүлгүүд нэрээр гурван дэвтэр болгон хэвлүүлсэн нь манай үед уламжлагдан ирсэн юм. Энэ номын шүлгүүд нь зарим талаар Катул, Тибул, Проперций нарын шүлгийг санагдуулах боловч хайр дурлалыг жирийн хүний амьдрал уруу, бодот хөрсөн дээр буулган, наргиан зугаатай, хошин аяс оруулж дүрсэлснээрээ эрс ялгардаг. Дараачийнхаа Эмэгтэй баатрууд (өөрөөр бас Илгээмжүүд гэж нэрлэдэг) шүлгийн номдоо "хайр сэтгэлтэй болсон яруу найрагчийн" хуучин уламжлалаас татгалзсан юм. Овид энэхүү эмхэтгэлд оруулсан шүлгүүдээ хол хөндий суугаа эр нөхөртөө, эсвэл хайр сэтгэлтэй хүндээ явуулсан грек, ромын домог үлгэрт гардаг бүсгүйчүүдийн илгээмж бичиг, захидлын хэлбэрээр бичсэн байдаг. Төлөв түвшин Пенелопа, хүсэл тачаалдаа шатаж байгаа Федра, уян зөөлөн Энона, хонзон санагч Медея, эр нөхрөөсөө аргагүйдэн хөндийрч холдсон Брисейда, хайртай хүндээ хаягдсан Дидона хатан нарын захидлаар хүний сэтгэлийн олон өнгө аяс, ааш араншинг нарийн нээн гаргасан байна.

Овид уран бүтээлийнхээ ид үед Хайрлаж дурлахын ухаан, Дурлалын эм, Хувирлууд зэрэг найраглал бичсэн нь уншигчдын сонирхлыг ихэд татсан юм. Тэрбээр зах хаязгаар нутагт амьдарч байх үеийн ганцаардал, уйтгар гуниг, гутрал цөхрөлийнхөө тухай Гутранги шүлгүүд хэмээх дөрвөн дэвтрээс бүрдэх эмгэнэлийн шүлгийн номоо бичжээ.

Овидын цэцэн цэлмэг үг хэллэг, уран тансаг найруулгатай шүлэг, найраглал нь олон үеийн турш зохиолч, уншигчдын анхаарлыг татсаар ирсэн юм. Дундад зуун, дахин сэргэлтийн үеийн яруу найрагч, уран зураач нар түүний Хувирлууд найраглал дахь домог үлгэрүүдээс бүтээл туурвилынхаа сэдэв, санааг олж авсан нь цөөнгүй.