Иран улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Исламын Бүгд Найрамдах
Иран Улс
جمهوری اسلامی ایران (перс)
Жомхури-е Эслами-е Иран
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: استقلال. آزادی. جمهوری اسلامی
(Тусгаар тогтнол, эрх чөлөө,
исламын бүгд найрамдах улс)
Төрийн дууллын нэр:
перс. 《سرود ملی جمهوری اسلامی ایران》
(Иран улсын төрийн дуулал)

Дэлхийн тал бөмбөрцөгт Ираныг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Ираныг улаанаар
Нийслэл Тегеран
Том хот Машхад, Эсфахан,
Караж, Табриз
Албан хэл перс хэл
Албан үсэг араб үсэг
Ард түмэн 
(2011 он)
Ираны ард түмэн →
61% – перс үндэстэн
16% – азербайжан үндэстэн
10% – курд үндэстэн
   6% – лур ястан
   6% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон Ираныхан
(Иран улсынхан)
Төр засаг Нэгдмэл байгууламж,
ерөнхийлөгчийн бүгд
найрамдах засаг
 -  Дээд удирдагч Али Хаменеи (1989)
 -  Ерөнхийлөгч Хасан Рухани (2013)
 -  Улсын хурал Исламын Зөвлөлдөх Хурал
Төр улсын түүх
 -  НТӨ 550 он Ахемани улс 
 -  1501 он Сефевийн улс 
 -  1979-04-01 Бүгд найрамдах улс 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 1,648,195 км2 (18)
 -  Гадаргын ус (%) 0.7 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2013) 77,176,930[1] (17)
 -  Тооллого (2010) 74,700,000 
 -  Нягт сийрэг 45 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн $987.115 тэрбум[2] (17)
 -  Нэг хүнд $12,803[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $388.512 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $5,039[2] 
ОТББИ (2008) 38[3] (дундаж
ХХИ (2013) 0.742[4] (сайн) (76)
Мөнгөний нэгж Ираны риал (﷼) (IRR)
Цагийн бүс Ираны цаг (НЗНЦ+03:30)
 -  Зуны цаг Ираны зуны цаг (НЗНЦ+04:30)
Утас, домэйн +98 / .ir, ایران.
Нэр томъёо IR, IRN / ЛБНИУ
Иран орны байр зүйн газрын зураг
Иран орны байр зүйн газрын зураг

Иран (Перс:ايران Дуудлага Иран), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь Баруун Ази.[5][6][7] Өрнөдөд 1935 оноос өмнө Перс гэгддэг байсан учраас Ираны соёлын тайлбарт Перс гэдэг нэр нь одоо ч хэрэглэгддэг.

Иран нь бүхэлдээ 1,648,195 км² нутагтай (дэлхийн 18 дахь том), 78 сая хүнтэй[8]. Далайн өргөн эрэг газартай, Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай гэгдэх орон юм. Хойгуураа Армен, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл болон хамгийн том хот Тегеран нь улсын улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд Ойрхи Дорноддоо нөлөөхүйц гүрэн гэгдэнэ.

Иранд эртнээс соёл иргэншил дэлгэрч, түүхэнд тэмдэглэгдсэн төрт улс нь НТӨ 2800 оны Эламаас эхэлдэг. МЭӨ 625 онд анх Мидичүүд нэгтгэж өнөөгийн Иран үндэстний суурь тавьжээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахемен, Аршак, Сасан гэсэн Ираны гурван улс дараалан оршиж байгаад Араб болон бусад харь улсуудын харъяанд байсаар 1551 онд Иранчуудын байгуулсан Сефевийн улс тогтож үндэстний хувьд дахин нэгтгэгджээ. Энэ улс нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны 4 сарын 1-ээс албан ёсоор Исламын бүгд найрамдах улс болсон.

Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, ИШУБ, ОПЕК гэх байгууллагуудын үүсгэн байгуулцсан гишүүн. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн тогтолцоо нь өвөрмөц, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч. Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.

Нэр[засварлах | edit source]

Тийн ялгал
нэрлэх Иран
Ира́н
ᠢᠷᠠᠨ
иран
харьяалах Ираны иран-у
өгөх орших Иранд иран-ду
заах Ираныг иран-и
гарах Иранаас иран-ача
үйлдэх Иранаар иран-йиар
хамтрах Ирантай иран-таи
чиглэх Иран руу иран уругу
Тайлбар: Монгол үсгээс кирилд галиглав.

Эртний грек түүхчдийн Πέρσης гэж бичиглэснээс Монголд Перс гэдэгтэй ижил нэрсээр олон олон хэлэнд Ираныг хэлдэг байв. Үндсэндээ 2-3 мянган жилийг хамруулдаг. Ираны Фарс нутгийн нэрээс үүссэн. Тэгтэл персүүд өөрсдийн нутгаа Парфян улсын үед Аряан (язгууртан), МЭ III зууны үеэс Эран гэж хэлж бичиж байв.[9] Одоо Ираны персүүд Дуудлага Ира́н (ايران), Афганд Эран, Тажикт Эрон хэмээдэг. Өрнөдөд түгсэн нэрийг халж, улсын нэрийг нутгийнхны хэлдгээр «Иран» болгохыг 1935 онд Реза Хан шах нь олон улсад хандан хүсчээ. Энэ нь 1959 оноос бүрэн хэрэгжиж улс орныг [Иран] гэж, үндсэн ард түмнийг [перс] гэж ялгадаг болсон.[10] Перс, курд, осет ардыг багтаасан иран угсаатантай андуурахгүй (үсгийн том жижиг) байх хэрэгтэй.

Газар зүй[засварлах | edit source]

Иран 1,648,195 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Монгол улсаас арай том буюу дэлхийн 18-р том орон юм. Хойд өргөргийн 24° — 40°, зүүн уртрагийн 44° — 64° дотор өрнө Ази, зарим талаар өмнө Азид байдаг. Хойгуураа Каспийн тэнгис (740 км урт зурвасаар), өмнүүрээ Персийн булан, Оманы буланд тулж (нийлээд 2440 км), баруун болон хойд талаараа Ирак (1458 км), Турк (499 км), Армен (35 км), Азербайжан (790 км) дөрөвтэй, зүүн хойд болон зүүн талаараа Туркмен (992 км), Афган (936 км), Пакистан (909 км) гуравтай хиллэдэг. Хилийн нийт урт — 5,440 км.

Газрын тогтоц[засварлах | edit source]

Иран цулайсан уулархаг орон. Ираны тэгш өндөрлөг гэнэ. Нутгийн баруун талаар дунджаар 3000 м өндөр Загросын нуруу 1500 км хуниран тогтжээ. Каспийн тэнгисийн урдуур Альборзын нуруу байна. Энд Ираны хамгийн өндөр цэг Дамаванд хэмээх идэвхтэй галт уул (5610 м) оршдог. Уулын нурууд улсын хилтэй ойр. Нуруудын дунд Кавир, Лут гэх хүнгүй зэлүүд давс бүхий хоёр цөл — Төв өндөрлөг (900 м) хэмээх газар байна.

Иранд хоёр хэсэг нам доор газар байна. Нэг нь Каспийн тэнгисийн эргийн, нөгөө нь Месопотамын зах болсон Хузестаны нам доор газар юм. Персийн болон Оманы булангийн эргээр уулын нуруунд тулсан нам доор нарийн зурвастай.

Оргил өндөр Дамаванд уул
Өндөр уулс
  1. Дамаванд (5610 м)
  2. Аламкух (4850 м)
  3. Сабалан (4811 м)
  4. Дена (4450 м)
  5. Зардкух (4250 м)

6. Ширкух (4050 м)
7. Тефтан (4025 м)
8. Точал (3964 м)
9. Незва (3810 м)
10. Саханд (3700 м)

Усны зүй[засварлах | edit source]

Урмиа нуурын ус татарчээ

Иранд томоохон гол мөрөн, нуур цөөн. Загросын нуруунаас эх авч Персийн буланг чиглэн 950 км урсдаг Каруныг усан замын тээвэрт ашиглана. Кархе, Дез, Заянде гэсэн томоохон гол бий. Урмиа гэж давстай, том нуур бий.

Уур амьсгал[засварлах | edit source]

Ираны уур амьсгал нэгэн янз биш. Нутгийн баруун хойд хэсгээр өвөлдөө хүйтэн, цастай, хавар намартаа бороотой, зундаа л халуун байдаг бол урд нутгаар жилийн турш хуурай, халуун. Хузестаны нам доор газар зундаа чийглэг.

Ираны ихэнх нутагт хур тунадас бага, жилд дунджаар 250 мм байна. Каспийн тэнгисийн баруунтаа 1,000 мм, Каспийн тэнгисийн эрэг, Загросын нуруугаар 500 м байдаг бол Төв тэгш өндөрлөгийн цөл газарт 100 мм-ээс бага унадаг.

Амьтан ургамал[засварлах | edit source]

Хонь, ямаа, үхэр, адуу, усны үхэр, илжиг, тэмээ зэрэг мал, гургуул, ятуу, бүргэд, өрөвтас зэрэг шувуу олон байна. Азийн үчимбэр (одоо Ираны үчимбэр) гэж нэн ховор зүйлийн амьтан бий. Зэрлэг амьтдаас баавгай, үнэг, чоно, зэрлэг гахай, гөрөөс, цоохор ирвэс бий. Арслан, бар нь байхгүй болсон.[11]

Ашигт малтмал[засварлах | edit source]

Газрын тос, шатдаг хий, нүүрс, хром, зэс, төмрийн хүдэр, хар тугалга, цайр, манганы нөөцтэй.

Нийгэм соёл[засварлах | edit source]

Хүн ам зүй[засварлах | edit source]

Яс, үндэс, угсаа Хувь Шашин
Перс үндэстэн 61% шийт
Азербайжан үндэстэн 16% шийт
Курд үндэстэн 10% суннит
Лур ястан 6% шийт
Араб угсаатан 2% шийт
Балуч ястан 2% суннит
бусад ард түмэн 2% олон янз
Он Хүн ам
1500 4,000,000
1800 7,000,000
1900 9,860,000
1956 18,954,704
1976 33,708,744
1996 60,055,488
2011 75,149,669

1950—1990 оны хооронд Иран улсын хүн амын тоо огцом өссөн бөгөөд 2011 онд 75,149,669-аар тоологджээ. 61 хувь нь 30–аас доош насны хүүхэд залуус. Жилийн дундаж өсөлт — 1.3%. Хүн амын нягт — 46 хүн/км², бичиг үсэг тайлагдалт — 84%, хотжилт — 71%.

Хүн амын нягтшил

Ираны 4 сая гаруй хүн 1979 оны хувьсгалаас хойш голдуу гадаадын олон оронд цагаачилсан бол эсрэгээр Афган, Иракаас голдуу 1 сая гаруй хүн Иранд цагаачлан иржээ.

Иран олон угсаатан, үндэстэн, ястнаас бүрдэнэ. Хүн амын 61% ᠋перс үндэстэн, 16% азербайжан, 10% курд, 6% лур, 2% араб, 2% балуч, 2% туркмен бол нэг хувь хүрэхгүй армен, гүрж, черкес, ассир ард бас байна. Ард түмэн болгон өөрийн хэлээр ярьдаг. Нэг бол иран төрлийн хэлтэй иран угсаатан (᠋перс, курд, лур, балуч), нэг бол нэг шашин (99.4% — ислам), нэг дэгтэн (эндэхийн перс, азербайжан, арабууд бүгд шийт — 90%) байдаг учир зөрчил тэмцэл бага. Тэгээд бүгд перс соёлоор эртнээс биендээ дасан зохицчихсон. Перс хэл, исламын шийт ёс энд албан ёсных байдаг.

Хот суурин[засварлах | edit source]

Иран маш хурдтай хотжиж байгаа. Одоо 71 хувь хотод аж төрөн суугаа бол 2030 онд 80% хүрэх төлөвтэй.[12]

Урлаг спорт[засварлах | edit source]

Иранд эртнээс уран зохиол, дүрслэх урлаг, гүн ухаан, анагаах ухаан, барилга урлал хөгжсөн. ᠌

Перс хивс гэж эртнээсээ зартай. Одоо дэлхийн гараар нэхсэн хивсний зах зээлийн 30% дангаар эзэлж байна.

Перст математик, геометр, одон орныг уран барилгатай (сүм хийд, орд харш голцуу) хослуулж чадсан бөгөөд эндээс эргэн тойрны олон оронд дэлгэрчээ. ᠌

Перс уран зураг монголчууд ирж эзэн сууснаар их хөгжсөн. Перс хэлээр шүлэг бичсэн нь арвин баян. Диваажин, тамын хоорондох үлгэр домог хэмжээлшгүй. Фирдоуси (940—1020), Омар Хайям (1048—1131) гээд олон яруу найрагчийг дурдаж болно. Мөн тэр үеийн Авиценн буюу Ибн Син анагаах ухааны 450 гаруй судар бичиж үлдээсэн. Ираны гүн ухаанд эхлээд Зороастрын шашин, хожим Исламын шашин нөлөөлсөн. Маш олон зүйлийн хөгжмийн зэмсэг бүтээгдсэн.

XIX зуунд баригдсан сүмийн дотор тал

Иранд аргын жил болгоны 3 сарын 21-нд өөрийн цаг тооллын шинэ жил Наурызын баяр тэмдэглэдэг бөгөөд түүнээс урьтаж галын наадам явуулдаг. Зуны баяр — усан наадан 7 сарын эхээр тохиодог.

Иранд кино урлаг хөгжсөн. Ираны кино Өрнөдөд Хятадын кинотай адилаар үнэлэгдэж шагналыг нь туудаг.

Иранд олон төрлийн хоол байна. Кебаб (шорлог) байна. Хар түрс идэхээр хийдэг.

Иранд поло үүссэн. Иран хүчит бөх (чөлөөт бөх), хүндийг өргөгчдөөрөө зартай. Хөлбөмбөг, бэйсбол тоглоно. Уулнаас цанаар гулгахад тохиромжтой. Иран зуны олимпоос 15 алтан медаль хүртээд байгаа бол өвлийнхөөс гар хоосон.

Эш түүх[засварлах | edit source]

Сасаны улс (224 — 652)

Эртний Перс[засварлах | edit source]

Загросын нуруунаас чулуун зэвсгийн олдвор олддог. Иранд эртнээс төр улс үүсчээ. Анхны овог аймгуудаас Суз нийслэлтэй Элам түүхэнд үлджээ. МЭӨ II мянганаас Евразийн өргөн уудам нутагт иран угсаатан бүрэлдэж байснаас Мид (МЭӨ 678–549 он), Ахемены улс (МЭӨ 550–330 он), Селевкийн улс (грекийн жанжны), Парфян (МЭӨ 247 – МЭ 224 он) зэрэг гүрэн улс тогтжээ. Түүний дараа мөн перс эзэнтэй Сасаны улс (224–652) Ктесифон буюу өнөөгийнхөөр Багдадад төвлөж байсан. Ахемены улсыг II Кир хаан үндэслэж агуу нэрээ дуурсгаж явсан бол III Дарий хаан Македоны Александрт дийлдэж улсаа алдаж байв.

Эртний Перс өрнө Азид дэндүү ноёрхож байсан бөгөөд баруун хил нь Грек, Ром, дорно зүгт Арал тэнгис, Инд мөрөн хүрдэг байжээ.

Харийн нэвтрэлт[засварлах | edit source]

633 онд өрнөөс Умарын толгойлсон хотон араб ирж, иргэний дайнтай байсан Сасаны улсыг мөхөөгөөд бүрэн эзэлжээ. Зороастрын шашны нөлөө буурч иран угсаатан ислам шашинтай хотон хүмүүс болсон түүх ийн эхэлжээ. Сөргүүлээд Омеян (Дамаскийн) араб улс перс түшмэдээр дамжуулан перс соёлыг их хүртжээ.

Дараа нь Аббасын (Багдадын) халифт улс тогтоход иранчууд их эрхтэй болжээ. Үүнээс Тахир (821–873), Саффар (861–1003), Саманы улс (819–1005) гээд иран улсууд зай гарган тогтож байсан. XX зуунд Багдадын халиф Персийг үндсэндээ захирахаа байсанд Буин улс (934–1062) нөлөөлсөн бол Буинхныг сельжук түрэгүүд цохьжээ. Омеян улсын үед Персийн хүн амын 10%, Аббасын үед 40%, XI зуун болоход 100% лалын шашинтан болжээ. Иран исламжсан энэ хэдэн зуундаа харин арабчлагдаагүй бөгөөд хэл соёлоо улам тодотгож персчилж авсан байна. Энэ үед персийн уран зохиол, анагаах ухаан, математик хөгжжээ.

Коран шагайсан Газан хан

1219–1224 онд түрэг-перс соёлтой Хорезм буюу Сартуул улсыг Чингис хааны монгол цэрэг дайлаар ирж мөхөөжээ. 1256 онд Мөнх хааны дүү Хулагу цэрэг захиран ирж улс байгуулан суусан нь Хулагугийн улс (персээр Илханан буюу Улсын ханы улс) байв. 1370 онд бас нэгэн байлдан дагуулагч Төмөр хааны улсад Перс нэгтгэгдэж 156 жилийг үджээ. Эдгээр улсын хаад бас л персжсэн.

Персийн сэргэлт[засварлах | edit source]

1000 жилийн турш олигтой улс байгуулаагүй байсан персүүд XVI зуунд Сафавын улс (1502–1736)-ыг байгуулжээ. Сафавын улс орчин үеийн Иран улсын эхлэл болсон. Үндэслэгч I Исмаил нийтээрээ суннит дэгтэй байсныг албан ёсоор шийт болгосноор исламын шашны нэгэн том урсгал хөлөө олжээ. Эсфаханд нийслэлтэй энэ Сафавын улс томорч өрнө зүгт Осман, дорно зүгт Их Моголтой мөчөөрхөж байв. 1587–1629 онд төр барьсан I Аббас хаан газар нутгаа их тэлж байсан бол урагшгүй Солтан Хусейн 1722 онд улсаа алджээ.

Түүний дараа угаас Перст нутагтай, түрэг угсааны Афшарын (1736–1796), Кажарын (1796–1925) гээд хоёр улс Машхад, Тегеранд төвлөж өнөөгийн газар нутаг үндсэндээ тогтсон байна. 1921 онд Реза Хан 20 жилийн улс төрийн давамгайллаа бататган төр эргүүлж хаан (иранаар шах хэмээн цоллодог) болсон нь Пахлавийн төр (1925–1979) байж, Ираны сүүлчийн хаан ураг байсан билээ.

1941 онд Англи-Зөвлөлтийн хүчин халдаж Персийн замыг үүсгэсний сацуу Реза Ханыг шахамдуулж хүү Мохаммед Реза нь хаан болов. 1951 онд ерөнхий сайдаар сонгогдсон Мохаммед Мосаддык нефтийн үйлдвэр, уурхайдыг улсын өмчид авч ард түмэнд үнэлэгдсэн ч 1953 онд Англи-Америкийн оролцсон эргэлтээр огцорчээ. Мохаммед Реза шах Хүйтэн дайны жилүүдэд Америктай ойр байж «Цагаан хувьсгал» хэмээн өрнөжих бодлого барьсан бол Рухолла Хомейни аятолла үүнийг буруушааж хоригдож, цөлөгдөж байв.

Хувьсгалаас хойш[засварлах | edit source]

1977 оноос дарангуй шахыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн үүсч 1979 онд шах гадаадад зайлан дүрвэж, хаант засаг халагдаж, исламын бүгд найрамдах улс үүсээд Хомейни аятолла (Аллахын гэрч) уригдан «Дээд удирдагч» (рахбар) болжээ. Тогтворгүй байдлыг далимдуулан Ирак хөршийн ерөнхийлөгч Саддам Хуссейн Иран-Иракийн дайн (1980–1988)–ыг үүсгэсэн ч 1982 он гэхэд Иран эзлэгдсэн газраа эргүүлж авсан байдаг. 1989 онд Али Хаменеи дээд удирдагч болсон. Дайнаар хохирсноо нөхөхөөр Акбар Хашеми Рафсанжани бизнесийг дэмжих бодлого явуулсан бол Мохаммад Хатами ерөнхийлөгч улам чөлөөлж, ардчилсан болгожээ. 2005 онд консерватив Махмуд Ахмадинежад сонгогдож байсан бол 2013 онд Хасан Рухани сонгогдоод одоо улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Төр улс[засварлах | edit source]

Төр засаг[засварлах | edit source]

Иран улс 1979 оны үндсэн хуулиа шинэчилж исламын бүгд найрамдах улс болжээ. Дэлхийд шашин төрийг хослуулан байгаа цөөн улсын нэг юм.

  1. Дээд удирдагч (рахбар) — Төрийн тэргүүн, чиг бодлого заагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шүүх болон цагдаагийн байгууллагын даргыг, хяналтын зөвлөлийн 12 гишүүнийг 6-г томилно. Харин Шинжээчдийн зөвлөлийн өмнө дүгнүүлдэг.
  2. Улсын хоёр дахь гол хүн болох ерөнхийлөгч — Үндсэн хуулийг батлан сахиулагч, Төрийн гүйцэтгэх байгууллагын тэргүүн. Сайд нарын зөвлөлийг бүрдүүлж, засгийн газрыг ажиллуулна. Доороо 8 дэд ерөнхийлөгч, 21 сайдтай. Иргэдийн шууд санал хураалтаар 4 жил хугацаанд ажиллах, дахин нэг сонгогдох эрхтэй. Гол шийдвэрээ дээд удирдагчтай зөвшилцөнө.
  3. Исламын зөвлөлдөх хурал— нэг танхимын 290 гишүүн бүхий улсын хууль тогтоох хурлын байгууллага. Хувьсгалаас өмнө хоёр танхимтай байсан. 4 жилийн хугацаатай иргэдээс шууд саналаар бүрддэг. Хууль, олон улсын гэрээ хэлэлцээр, улсын төсөв батлах үндсэн үүрэгтэй. 2012 оны сонгуулиар уламжлагчид 182, шинэчлэгчид 75, барьцгүй тал 33 суудал авсан.
  4. Хяналтын зөвлөл — үндсэн хуулийг сахиулах үүрэгтэй. 6 гишүүнийг дээд удирдагч, үлдсэн 6-г улсын хурлаас томилдог.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Иран улсын элчин сайд, консул байдаг улс орны газрын зураг

Иран өмнө нь ЗХУ-ын түрэлтийг сөрж АНУ-тай дотно, Өрнө дахинд хандтай байсан бол АНУ-ын эсрэг тэмцсэн 1979 оны хувьсгалын шийдлээр Америк төдийгүй Өрнийн орнуудтай таарамжгүй болсон. Хувьсгалын дараа Арабын улсуудтай бас муудсан. 1980 онд Ирак Ираны газрын тостой нутаг руу халдан довтлоход сөргүүлээд Иран Иракт өөрийн чигтэй хувьсгал гаргахыг оролджээ. 1990 оноос Европтой энгийн харьцах болсон. Чечений (осеттой залгаа) салан тусгаарлах тэмцлийг дэмжсэн нь Орост таалагдаагүй ч бусад хамтын эрх ашгийн үүднээс нааштай харилцдаг болж байна. Харин АНУ-ын холбоотон Израильтай сөргөлдсөөр байгаа.

Иран дэлхийн ихэнх улстай, тэр дундаа Монгол улстай 1971 оны V сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон. Харин АНУ-тай дипломат харилцаагүй, Израилийг бүрэн эрхт улс гэж үздэггүй. Иран НҮБ, ОПЕК зэрэг олон улсын байгууллагад гишүүний статустай.

Орон нутаг[засварлах | edit source]

Иран улсын 31 мужийн газрын зураг

Иран улс эхлээд остан (муж) гэсэн нэгжээр хуваагдана. Остан нь дотроо 321 шахрестан (газар нутаг, хүн амын тоо, эрэмбэ дэсээр монголоор хошуу гэж) болно. Дотроо 740 бахш (сум), 982 шахр (хот суурин)-д хуваагдана. Ираны 31 муж:

Аж байдал[засварлах | edit source]

Эдийн засаг[засварлах | edit source]

Иран улс 2012 онд нэрлэсэн үнээр 548.590 тэрбум ам.доллар, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 988.437 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэн хэрэглэсэн нь дэлхийн 194 улсад харьцуулахад харгалзан 21, 17-р их дүн юм. ХАЧТ дүнгээр нэг хүнд 12,478 $ оногдож байгаа дунджаас дээгүүр орлого бүхий орон юм. Задалвал үйлчилгээнд 45%, аж үйлдвэрт 45% (газрын тос, шатдаг хий голлодог), хөдөө аж ахуйд 10% босч байна.

Ираны газрын тос, шатдаг хийн орд, хоолойн байршил зураг
Иран Ходро — Ойрх Дорнодын автомашины гол үйлдвэрлэгч
Япон улс Өмнө Солонгос улс Турк улс Энэтхэг улс Хятад улс
Өмнө Солонгос улс Турк улс Хятад улс Арабын Нэгдсэн Эмирт Улс

Зам тээвэр[засварлах | edit source]

Иран улс 1,435 мм-ийн цариг бүхий 11,106 км төмөр замтай. Төмөр зам нь нутгийн баруун хойноос зүүн урагш, баруун урдаас зүүн хойш хүрсэн хэрээс маягийн хэлбэртэй, Тегеранд огтолцдог. Тегераны метро 2000 онд ашиглалтанд орсон. Улс даяар 172,927 км авто замтайгаас 125,908 км нь цардмал. 2010 онд 11 сая авто тээврийн хэрэгсэл байгаагаас ихэнхийг өөрийн оронд үйлдвэрлэж, угсарчээ. Карун голоор 850 км усан замын тээвэртэй. Улс даяар нийт 316 иргэний тээврийн нисэх буудалтайгаас олон улсын 8, агаарын хилийн 21, орон нутгийн 25 гээд 54-ийг идэвхтэй хэрэглэдэг.

Ираны далайн боомтууд 150–200 сая тн ачаа хүлээн авдаг. Ассалуйе, Бандар-Аббас, Бандар-Хомейни гурван боомтоор бүх ачааны 90% дамждаг.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. بر اساس برآورد مرکز آمار ایران؛ جمعیت ایران به ۷۷.۱ میلیون نفر رسید
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Islamic Republic of Iran". International Monetary Fund.
  3. Central Bank of Iran: Economic Trends 2008/2009.
  4. Human Development Report 2010. United Nations (2010).
  5. Iran Country Profile. BBC NEWS. 8 August 2012-д хандсан.
  6. "CESWW" – Definition of Central Eurasia. Cesww.fas.harvard.edu. 1 August 2010-д хандсан.
  7. Iran Guide. National Geographic (14 June 2013). 21 June 2013-д хандсан.
  8. CIA Factbook – 2010. Cia.gov. 2011-09-14-д хандсан.
  9. MacKenzie, David Niel (1998), "Ērān, Ērānšahr", Encyclopedia Iranica, vol. 8, Costa Mesa: Mazda, <http://www.iranicaonline.org/articles/eran-eransah>
  10. Renaming Persia. persiansarenotarabs.com (2007). 26 Apr 2011-д хандсан.
  11. Guggisberg, C.A.W. (1961). Simba: The Life of the Lion. Howard Timmins, Cape Town.
  12. "Islamic Azad University". Retrieved 28 January 2008". Wayback.archive.org. 10 November 2007. Retrieved 21 June 2013.

Гадагш холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: ایران